Wednesday, May 20, 2009

"Ерөнхийлөгч" гэж хэн бэ?

Хулгана: Тэгэхээр, Багш аа, Ерөнхийлөгч гэдэг чинь тэнгэрээс бууж ирдэг юм уу?
Муур Багш: Үгүй ээ, мунхаг минь, эмэгтэй хүнээс л төрдөг байхгүй юу даа.
Хулгана: Энгийн л нэг хүн шиг үү?
Муур Багш: Тийм ээ, тийм.
Хулгана: Тэгвэл тэр энгийн төрсөн хүн чинь яаж яваад Ерөнхийлөгч болчихдог юм бэ?
Муур Багш: Тэр хүн чинь цаанаасаа л нэг өөр, агуу чанартай, Ерөнхийлөгч заяатай төрдөг байхгүй юу даа.
Хулгана: Тэр олон сая хүн дундаас хэн нь Ерөнхийлөгч заяатай, хэн нь Ерөнхийлөгч заяагүй төрснийг яаж мэддэг болж байна аа?
Муур Багш: Өө тэр бол амархан. Одоо манай Ерөнхийлөгчийг харахгүй юу. Тэгээд л ойлгомжтой. Ерөнхийлөгч хүн чинь сайхан царайтай, өндөр нуруутай төрдөг байхгүй юу.
Хулгана: Багш аа, тийм хүн олон байдаг шүү дээ. Тэгэхээр тэд цөм Ерөнхийлөгч заяатай төрсөн юм уу?
Муур Багш: Үгүй ээ, мунхаг минь. Ерөнхийлөгч заяатай хүн чинь бас эд баялаг хуримтлуулж чаддаг, өндөр албан тушаалтай, олны хүндэтгэлийг хүлээсэн, нэр төртэй хүн байдаг юм.
Хулгана: Аа ойлголоо, хамгийн баян, хамгийн их эрх мэдэлтэй хүн л Ерөнхийлөгч байдаг юм байна, тийм ээ? Бас хүмүүсийн хамгийн их айдаг, эмээдэг хүн лав Ерөнхийлөгч байх нь ээ.
Муур Багш: За ер нь тийм гэж хэлэхэд болно. Ерөнхийлөгчид бид залбирч, түүнээс эмээж явах ёстой юм шүү.
Хулгана: Багш аа, тэгвэл Ерөнхийлөгч чинь хүмүүсийг айлгадаг ажил хийдэг хүн үү?
Муур Багш: Юу гэж дээ, тэнэг минь. Тэр чинь бидний амьдралыг сайн сайхан болгож байдаг байхгүй юу. Энэ Ерөнхийлөгч маань байхгүй байсан бол бид чинь яаж амьдрах учраа олохгүй, зовж зүдрэх байсан юм.
Хулгана: Багш аа, миний энэ толгой дахиад л эргэчихлээ. Ерөнхийлөгч гэдэг чинь надаа нэг бол Бурхан шиг ч юм шиг санагдаад байх юм. Хүн болгон манай Ерөнхийлөгчийг тэнгэрт тултал магтаад л, ганц ч өө сэвгүй мэт яриад, тахин шүтээд байгааг, бас Ерөнхийлөгч өөрөө нүд гялбахаар ганган дээл өмсөөд л, том том ламба гуай нарын хийдэг шашны зан үйлийг сүртэй нь аргагүй хийгээд л, нүдэнд харагдахгүй далд хүчнүүдтэй харилцаад байгааг нь бодохоор тэр маань үнэхээр эгэл хүн биш Бурхан лугаа адил мэт.
Муур Багш: Ай даа, мунхаг чи одоо л нэг ойлгож эхэлж байна...
Хулгана: Үгүй багш аа, тэгээд нөгөө талаас нь харахаар маш олон хүн түүнээс айж эмээгээд, бодсон санаснаа ч чөлөөтэй хэлж чадахгүй, дуугүйхэн дагаад эсвэл чимээгүйхэн, томоотой нь аргагүй урдах ажлаа хийгээд л байгааг нь, бас зоригтой цөөн хэд нь Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаална гээд өөрийгөө хохироон байж түүний эсрэг тэмцээд байгааг нь харахаар Ерөнхийлөгч гэдэг чинь хүний аминд хал ихтэй хадны мангаа ч юм шиг...
Муур Багш: Үгүй чи! Муу мунхаг, өчүүхэн чи!!! Ерөнхийлөгч гэгээнтнийг хадны мангаатай зүйрлэж яаж зүрхэлнэм!!! Чамд алганы амт гэгчийг нэг амсуулаад өгъё өө!

Мэргэн Туулай: Муур багш аа, та чинь иргэдэд үйлчилье гэж бусадтай өрсөлдөн байж, иргэд дундаас сонгогддог, иргэдийн татвараар цалинждаг төрийн албан тушаалтныг юу болоод гэгээнтэн энэ тэр гээд байна аа? Та чинь Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд бараг 20 жил болоод байхад феодал сэтгэлгээнээсээ гараагүй л сууж байна уу даа? Юун тахин шүтэж, айж эмээх юм яриад хүүхэд мунхруулаад сууж байна аа, та чинь?
Муур Багш: За, Туулай минь, чи нэг ухаантай амьтан байна даа. Энэ бүгдийн учрыг эрх биш мэдэх байлгүй. Би хорооноос зарласан Ерөнхийлөгчийн сонгуулийн уулзалтанд хоцрох гээд байна. Энэ муу хулганааас болоод зөндөө удчихлаа. Дараа нэг уулзамз. Баяртай.
Хулгана: Туулай эгч ээ, та надад нэг сайхан тайлбарлаад өгөөч. Ерөнхийлөгч гэдэг чинь тэгээд бурхан юм уу, хадны мангаа юм уу?
Мэргэн Туулай: Хулгана минь, Ерөнхийлөгч гэдэг чинь бурхан ч биш, лам ч биш, хадны мангаа ч биш, тодорхой болзолтойгоор иргэдээс сонгогдсон, нийтийн эрх ашигт үйлчлэхийн тулд тодорхой үүрэг хүлээн, хүмүүсийн татвараар цалинждаг төрийн албан тушаалтан юм аа. Монголчууд бид ардчилсан зарчмаар амьдрах шийдвэр гаргасан тул Ерөнхийлөгчөө, мөн Улсын Их Хурлын гишүүдээ ч өөрсдөө сонгодог болсон шүү дээ.
Хулгана: Тэгээд Ерөнхийлөгчөөр хамгийн царайлаг, хамгийн өндөр, бас хамгийн баян, эрх мэдэлтэй, хүмүүсийг сайн айлган сүрдүүлж чаддаг хүнийг сонгодог юм уу?
Мэргэн Туулай: Хөөх, дүү минь, чи чинь хаанаас ийм сонин юм дуулаа вэ? Багш чинь чамд иргэний, улс төрийн эрх, ардчилсан сонгуулийн тухай юм заагаагүй хэрэг үү?
Хулгана: Өө, нодлин жил Ерөнхийлөгчийн зарлигаар маш олон хүмүүсийг цагдаа нар баривчилж, зодоод зогсохгүй галт зэвсгээр буудаж, 5 хүний амийг хороосон шүү дээ. Тэгээд одоо олон хүн энэ Ерөнхийлөгч л хамгийн сайн Ерөнхийлөгч, энэ л хүн Ерөнхийлөгч байх ёстой гэж яриад байхаар нь би хүмүүсийг хоморголон баривчилж, айлган сүрдүүлж, цээрлүүлэх нь Ерөнхийлөгчийн хийдэг үндсэн ажил юм болов уу л гэж бодсон юм. Бас олон хүнд шагнал гардуулсан, олон овоог сайн тахисан гээд хүмүүс магтаад байхаар нь би Ерөнхийлөгч гэдэг нь хамгийн том лам шиг, Бурхан шиг мундаг хүн байдаг юм болов уу л гэж бодоод. Өө бас, хүмүүс намхан, царай муутай, сайн ярьдаг Ерөнхийлөгч байж болохгүй гэх мэт юм яриад байхаар нь мунхаг би Ерөнхийлөгч гэгч нь өндөр, царайлаг, бас Монгол хэлэндээ тааруухан хүн байх ёстой юм болов уу гэж бодоод бүүр эргүүтээд байж байна.
Мэргэн Туулай: Хулгана дүү минь, өөрийгөө хэзээ ч битгий мунхаг, эргүү гэж бай. Чи чинь Монгол улсын иргэн шүү дээ. Төрийн эрх мэдэл чиний болон чам шиг олон иргэний гарт байгаа. Иргэд өөрсдийгөө мунхаг, юм мэдэхгүй л гээд байх юм бол эрх мэдэл, эд баялагт дуртай хүмүүс энэ байдлыг чинь далимдуулаад төрийн эрх мэдлийг хамаж авчихаад, төрийн нэрээр иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчиж, өмч хөрөнгийг нь булааж авсаар л байна шүү дээ.
Хулгана: За, Мэргэн Туулай.
Мэргэн Туулай: Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайд гэвэл, тэр нийт иргэдээс сонгогддог, мөн нам бус байх ёстой бөгөөд Монгол улсын нийт иргэдийн эв нэгдлийн бэлэг тэмдэг гэж явдаг. Ерөнхийлөгч шүүгчдийг томилох, гадаадад суух элчин сайд нарыг томилох, бас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалах тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас Ерөнхийлөгч нь шүүхийг хараат бус, шударга болгон төлөвшүүлэх; гадаадад суугаа элчин сайдын яам болон консулын газруудыг гадаадад зорчиж, амьдарч байгаа монголчуудыг эрхийг хамгаалдаг болгох; үндэсний аюулгүй байдлын бодлогыг Монгол улсын иргэн бүр, Монголын газар дэвсгэр дээр амьдарч буй хүн бүрийн аюулгүй байдал, эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Түүнчлэн, Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхтэй 3 субъектын нэг нь тул Монгол улсын ардчилсан, хүмүүнлэг хөгжлийг хангах олон чухал хуулийг санаачлах боломжтойгоос гадна УИХ-аас хүний эрх, жендэрийн тэгш эрх, ардчиллын зарчмыг зөрчсөн хууль батлахад хориг тавьж, саад болох эрх мэдэлтэй хүн шүү дээ.
Хулгана: Тэгээд овоо тахих, шагнал гардуулах чинь Ерөнхийлөгчийн ажил биш юм уу?
Мэргэн Туулай: Овоо тахих бол Ерөнхийлөгчийн хийх ажил огтхон ч биш. Харин ч Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төр, шашин хоёр нь тусдаа байх ёстой тул төрийн албан тушаалтан ажил үүргийнхээ хүрээнд аливаа шашны ёслол үйлдэх нь төр, шашин салангид байх маш чухал зарчмыг зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Шагналын тухайд гэвэл энэ нь Ерөнхийлөгчийн хийх үндсэн ажил биш ээ. Ер нь төрөөс одон медаль, шагнал зэрэг гардуулах нь төрийг шүтэх ардчилсан бус сэтгэлгээг дэвэргэх сөрөг нөлөөтэй. Тиймээс Ерөнхийлөгчид одон медаль тараах боломж байсан ч энэ боломжоо ховорхон ашиглаж байх нь зүйтэй.
Хулгана: Тэгээд хүн айлган сүрдүүлэх ажил ямар учиртай вэ?
Мэргэн Туулай: Дүү минь, тэр бол Ерөнхийлөгчийн огт хийж болохгүй зүйл шүү дээ. Харин ч эсрэгээр, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн дагуу өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүмүүсийнхээ амь нас, жам ёсны эрх, эрх чөлөөг чандлан хамгаалж байх ёстой.
Хулгана: Туулай эгч ээ, тэгэхээр би нэр дэвшигчдээс нэгийг нь сонгох бүрэн эрхтэй юм байна, тийм ээ? Бас өндөр, нам, царайлаг, царай муутай, баян, ядуу, эрх мэдэл ихтэй эсвэл багатай гэдэг нь миний сонголтонд огт хамаагүй юм байна, тийм ээ? Би сонголтоо хариуцлагатайгаар хийе гэвэл энэ хоёр хүний хэн нь манай шүүх тогтолцоог илүү эрүүл, шударга, хараат бус, иргэдэд тэгш ханддаг болгох уу; гадаадад суугаа монголчуудыг эрхийг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хэн нь илүү анхаарч хувь нэмрээ оруулах уу; мөн хүний аюулгүй байдлыг хангахад хэн нь илүү зүтгэх үү гэдгийг л бодолцох ёстой юм байна, тийм үү?
Мэргэн Туулай: Хулгана дүү үнэхээр сэргэлэн, мэргэн ухаантай юм аа! Миний хэлсэн өчүүхэн зүйлээс ийм чухал дүгнэлтүүдийг гаргаж чадаж байна шүү!
Хулгана: Туулай эгч ээ, надад бас нэг санаа маш чухал санагдаад байна аа: хэрэв хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг юм бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалж чадаагүй Ерөнхийлөгчийг дахиж сонгож болохгүй биз дээ?
Мэргэн Туулай: Яг үнэн. Би чамтай санал нэг байна. Ардчилсан нийгэмд сонгогдсон албан тушаалтан бүр үүргээ сайн биелүүлж, хүний эрх, жендэрийн тэгш эрх, ардчиллын зарчмыг дээдэлж ажиллана гэсэн баталгаа байдаггүй. Гэхдээ ардчилсан нийгэмд үүргээ биелүүлээгүй, хүний эрх, Үндсэн хуулийн зарчмуудыг зөрчсөн албан тушаалтныг дахин сонгохгүй байх замаар түүнтэй улс төрийн хариуцлага тооцох боломж хэзээ ямагт нээлттэй байдаг. Иргэд бид энэ боломжоо ашиглахгүй байгаад л байх юм бол ардчилал, эрх чөлөө, шударга ёс гэдэг зүйлс санаа төдий л байх болно. Харин энэхүү боломжийг тогтмол, тууштай, хариуцлагатайгаар эдэлж, иргэний эрх, үүргээ хэрэгжүүлээд байх юм бол тэдгээр санаа бодит амьдрал болно шүү дээ.
Хулгана: Их баярлалаа, Туулай эгч ээ. Одоо харин энэ чухал санаануудыг манай Муур Багшид яаж ойлгуулах вэ? Муур Багш маань үүнийг ойлгохгүй бол над шиг олон шавь нартаа Ерөнхийлөгч гэдэг чинь гэгээнтэн юм гээд л ярьсаар л байх болно доо...

Т.У.